Хаж мөргөлийн үеэр 550 гаруй хүн нас баржээ

Саудын Арабын ариун хот гэгдэх Меккад агаарын температур 51.8 хэмд хүрчээ. Улмаар 550 гаруй хүн Хаж мөргөлийн үеэр наршсаны улмаас нас барсан байна. Тухайлбал, мөргөл хийж байсан таван хүн тутмын нэг нь халуунаас болж нас баржээ. Үүний өмнө эрх баригчид Хаж мөргөлчдийг 11:00-15:00 цагийн хооронд гадагш гарахгүй байхыг зөвлөсөн байв.

Тухайн цаг нь агаарын температур хамгийн өндөр хэмд хүрэх үе боловч мөргөл хийх хүмүүс анхааруулгыг үл ойшоосон.

Мөргөлчид нарнаас хамгаалах шүхэр ашиглаж мөргөл үйлдэж байсан авч уур амьсгал бүгчим халуун байжээ. Египетээс ирсэн мөргөлч болсон үйл явдлын талаар хэлэхдээ,”Хаж хийх нь их хэцүү. Халуун, хөл хөдөлгөөн ихтэй нөхцөлд ч хүчин чармайлт гаргаж, мөргөлөө хийх ёстой. Хүмүүс мөргөлөө хийж байхдаа ухаан алдаж байсан. Халуун байсан болохоор юу болсныг сайн ойлгоогүй” гэжээ. Сүүлийн 30 жилийн хугацаанд Хаж мөргөлийн үеэр олон зуун хүн амь насаа алдаж байсан. Жишээ нь, мөргөл хийхээр цугларсан хүмүүсийн майхан шатах, олны хөл хөдөлгөөнд дарагдах зэрэг ослууд ихэвчлэн гардаг.

Өнгөрсөн оны байдлаар 240 орчим хүн ямар нэгэн байдлаар мөргөлийн үеэр нас барсан аж.

Энэ жилийн мөргөл зургадугаар сарын 14-нд эхэлсэн бөгөөд шашны уламжлалт Курбан баяртай давхацсан юм. Амиа алдагсдын тоо 550 орчим бөгөөд тэдний 323 нь египетчүүд байжээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр амиа алдсан хүмүүсийн 70 гаруй хувь нь хэт халуунаас болж нас барсан. Түүнчлэн мөргөлийн үеэр халуунд цохиулж бие нь муудсан 2700 хүн эмнэлгийн тусламж авч байна.

ХАЖ ГЭЖ ЮУ ВЭ?

Хаж нь ариун хот гэгдэх Меккад жил бүр болдог шашны мөргөл хийх зан үйл юм. Хаж мөргөлийг бие бялдар, санхүүгийн чадавхтай, насанд хүрсэн мусульманчууд заавал биелүүлэх ёстой үүрэг гэж үздэг. Исламын Зул-Хижа сарын үеэр буюу зургадугаар сарын 8-13-ны хооронд болдог. Мөргөлчид Каабыг (Масжид аль-Харам сүмийн доторх ариун шоо хэлбэртэй байгууламж) тойрох, Мина, Арафат, Муздалифа зэрэг ариун газруудад хэд хэдэн зан үйл хийх, бэлгэдлийн үйл ажиллагаанд оролцох зэрэг хэд хэдэн зан үйл хийдэг.

Хаж мөргөлийг исламын шашинтай ямар ч үндэстнүүд хийж болдог ба эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэгддэг. Исламын шашинтнууд Хаж мөргөл хийснээрээ бурхны хүсэлд захирагдаж буйгаа болон итгэлээ баталж буйн илрэл гэж үздэг аж.

Эх сурвалж: Sky News

access_time 2024-06-20 13:02

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt