Судалгаа: МҮОНРТ-ийн хөтөлбөрийн 52 хувийг МАН эзэлж байна

Иргэний нийгмийн байгууллагуудаас сонгуулийн сурталчилгааны мониторингийн талаар өнөөдөр /2024.06.20/мэдээлэл хийлээ.

Энэ оны зургадугаар сарын 20-ны байдлаар телевизүүд сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл түгээх нь нэмэгджээ. “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн, “Глоб” интернэшнл төв нь УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон, Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/, Харилцаа холбооны зохицуулах хороо/ХХЗХ/-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.

Мониторингийн зорилго нь УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗЗ-ны саналыг үндэслэн СЕХ баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.

УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэрх телевизийн мониторинг судалгаанд МҮОНТ, TV9, Монгол TV, NTV, Eagle news гэсэн таван телевизийг хамруулсан байна.

Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн болон MMCG судалгааны байгууллагын гаргасан мониторинг судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх албан ёсны эрхтэй зэрэг шалгуурыг үндэслэсэн. Зургадугаар сарын 10-26-ыг дуустал үргэлжлэх гурван үечлэлээр хийж буй судалгааны нэгдүгээр үе буюу зургадугаар сарын 10-16-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн мониторингийн урьдчилсан дүнг танилцуулж байна. Нэгдүгээр үе буюу зургадугаар сарын 10-16 өдрүүдийн дүнгээр,

Судалгааны хугацаанд таван телевизийн 1450 цаг 51 минут 41 секундийн нэвтрүүлэгт мониторинг хийснээс 14 хувь нь сонгуультай холбоотой мэдээлэл байна.

МҮОНРТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 19 хувийг МАН, 16 хувийг ХҮН нам эзэлсэн бол АН, ИХН-д адил тэнцүү 12 хувьтай тэнцэх цаг оногджээ. Харин таван телевизийн дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл дунджаар 31 хувийг эзэлсэн нь давамгай байна. МҮОНРТ-ийн мэдээний хөтөлбөрийн талаас илүү буюу 52 хувийг МАН дангаараа эзэлж байгааг судлаачид хэлсэн юм.

Харин ХҮН нам 17 хувийг эзэлж байна. Бие даагчдын талаарх мэдээлэл МҮОНРТ дээр таван хувь гарсан бол арилжааны телевизүүдэд нэг хувиас хэтэрсэнгүй. Нийт таван телевизийн дунджаар төвийг сахисан мэдээлэл 44 хувь байна. МҮОНРТ-ийн нам, эвсэл, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллийн 91 хувь нь төвийг сахисан хандлагатай байсан бол сөрөг мэдээлэл 15 хувь байна. Арилжааны сувгийн хувьд TV9 телевизийн мэдээллийн 86 хувь нь эерэг хандлагатай. Сөрөг өнгө аястай мэдээлэл мөн л “TV9” телевизэд найман хувь хүрсэн нь бусдаасаа өндөр байна.

Харин арилжааны телевизүүдийн далд сурталчилгаа 6-28 хувийг эзэлж байна.

Телевизүүдийн далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэлд МАН 52 хувиар тэргүүлж байгаа бол АН 12 хувиар удаалж байна. Сонгууль болоход хэдхэн хоног үлдээд буй энэ үед сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа мэдээллээ шалгаж, аль тойрог, аль хэсэгт саналаа өгөхөө мэдэж авахыг нийт сонгогчдод зөвлөн уриалж байна. Энэ удаагийн сонгуулиар нэг хэсэгт ногдох сонгогчдын тоог бууруулж шинэ хэсгүүд нэмсэн учир санал өгч ирсэн хуучин хэсэгтээ бус өөр хэсэгт хуваарилагдсан ч байх магадлалтай. Сонгуулийн өдөр сонгогч буруу хэсэг дээр дугаарлаж цаг алдах, саналаа өгөх боломжгүй болох гэх мэт асуудал үүсч болзошгүйг анхааруулж байна.

Сонгогчдын нэрийн жагсаалтаар цахимаар болон холбогдох хэсгийн хороон дээрээ очиж шалгах боломжтой бөгөөд хаяг дээрээ бүртгэлтэй “царцаа” байгаа эсэхийг шалгаарай. УИХ-ын сонгуулийн хуульд гадаадад байгаа сонгогчдын бүртгэлийн процессыг хялбаршуулж, санал өгөх хугацааг дарвөн өдөр болгосноор 13095 сонгогч санал өгөхөөр бүртгүүлээд байгааг СЕХ мэдээлсэн. Энэ нь гадаадад байгаа сонгуулийн насны иргэдийн 10 орчим хувь болно. Өмнөх сонгуулиар 7000 гаруй сонгогч бүртгүүлж байсантай харьцуулахад 40 гаруй хувиар нэмэгдсэн гэв.

access_time 2024-06-20 12:55

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt