Европ Унгар улсыг торгов

Европын холбооны орогнол олгох бодлогыг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр холбооны дээд шүүх Унгар улсад 214 сая ам.долларын торгууль ногдуулжээ. Мөн бодлогыг хэрэгжүүлэх хүртэл үндсэн торгууль дээр нэмэгдэж, өдөрт 1 сая ам.долларын торгууль бодно. Дээд шүүхийн мэдэгдсэнээр, Унгарт орогнол хүсэгчид заавал Белград эсвэл Киев руу очих шаардлагатай байсан. Тодруулбал, Будапештын эрх баригчид орогнол хүсэгчдийн хүсэлтийг өөр орнуудад байрлах холбогдох байгууллагуудаараа авах шаардлага тавьдаг байжээ.

Европын холбооны бодлого нь орогнол олгох үйл явцыг хурдасгах зорилготой. Мөн Итали, Грек, Испани зэрэг гишүүн орнуудаас ирсэн цагаачдыг хүлээн авч, санхүүжилт олгох шаардлага тавьдаг. Эх орондоо хавчлагад өртөж, зугтсан хүн бүр олон улсын хамгаалалт хүсэх эрхтэй бөгөөд үхэл эсвэл эрүүдэн шүүх эрсдэлтэй тохиолдолд орогнол олгож буй, олгох улс хүчээр буцааж болохгүй гэж заасан байдаг.

Гэвч, Унгар санаатайгаар холбооны дүрэм журмыг зөрчиж, зайлсхийж байна гэж Европын холбооны дээд шүүх Пүрэв гаригт мэдэгдэв. Мөн цагаачдын орогнол хүсэх хүсэлтийг хууль бусаар цагдаж, олон улсын хамгаалалт олгохоос татгалзсан гэж нэмж тэмдэглэв. Европын холбооны гишүүн улсын хувьд дүрэм, журмаа зөрчиж буй үйлдэл нь бусад орнуудад муугаар нөлөөлнө гэж дээд шүүх үзсэн. Торгууль ногдуулах болсонд Унгарын ерөнхий сайд Виктор Орбан дургүйцлээ илэрхийлсэн. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Европын хилийг сахиж, хамгаалж байсан бидэнд торгууль ногдуулсан нь хэрээс хэтэрсэн явдал юм. Брюсселийн хүнд сурталтуудын хувьд хууль бус цагаачид Европын иргэдээс илүү чухал юм шиг санагдаж байна” гэжээ. Сири дэх дайнаас дүрвэсэн нэг сая гаруй хүн 2015 онд Унгарт ирсэн. Үүний дараа тус улсын эрх баригчид цагаачдын бодлогоо чангаруулсан бөгөөд хилийг тусгаарлах хашаа барьжээ. Ингэснээр хууль бус цагаачид Унгарт нэвтрэхгүй гэсэн бодлого баримталсан юм.

Дээд шүүхийн торгуулийн хариуд Унгар улс ямар ч гэрээ хэлэлцээрээс үл хамааран хууль бус цагаачдыг авахгүй гэдгээ амлав. Унгар улс долдугаар сарын 1-нд ЕХ-ны ээлжит дарга болох аж.

Эх сурвалж: BBC

access_time 2024-06-14 11:33

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt