Энх тайван уу? Эрх мэдэл уу?

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Хамастай гал зогсоох тохиролцоо байгуулах эсвэл засгийн эрхээ хадгалах гэсэн хоёр сонголттой тулгараад байна. Гэхдээ тэрбээр алийг нь ч сонгохгүй, зайлсхийх гэж хичээж байгаа бололтой.

Авив Бушенский
Хэдэн сарын турш Нетаньяху Хамасын гал зогсоох шаардлагыг “элийрэл” гэж буруутган, Газын зурваст байнгын гал зогсоох талаар бодохоос ч татгалзаж, олон улсын шаардлагыг үл тоомсорлож ирсэн. Түүнийг засгийн газрын албатууд нь Биби гэж хочилдог бөгөөд зөвлөх асан Авив Бушинский нь “Биби одоо гарах гарцгүй, буланд шахагдаж байгаа мэт байна” гэжээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Байденыг дурсаж, “Байден Бибиг жинхэнэ төрхөө гаргаж ирэхийг шаардаж, мөнгө ярих нь баараггүй” гэв.

Мөн Израилийн тавьсан хамгийн сүүлийн саналд Хамас нааштай хандаж буй энэ үед Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен Гвир болон эвслийн хэт барууны бусад гишүүд Ерөнхий сайдыг дарамтлаад амжжээ. Хэрэв Нетаньяху энх тайвныг эрхэмлэх аваас хэт барууны гишүүд болон Бен Гвир засгийн газраас гарч, түүнийг сүйрүүлнэ гэсэн. Баруун жигүүрийн сүрдүүлгийн дунд Нетаньяху хамгийн сүүлийн үеийн гал зогсоох саналыг дахин боловсруулахыг хичээж, тэдэнд гэрээний нөхцөл нь Байдены тодорхойлсон шиг биш гэдгийг ойлгуулах гэж хичээж байна. Байден сүүлийн саналыг дайныг зогсоох арга зам гэж шууд тодорхойлсон. Гэсэн хэдий ч Нетаньяху Хамасыг устгахаас нааш Израиль дайныг зогсоохгүй гэсэн байр сууриа хадгалсаар байна.

Нетаньяху Кнессетийн Гадаад хэрэг, аюулгүй байдлын хороонд “Бид өөрсдийн нөхцөлийг хангаагүй байхад гал зогсоохыг зөвшөөрсөн гэх мэдэгдэл худал” гэж мэдэгджээ.

Тэрбээр саналын хоёр дахь шатанд дурдсан байнгын гал зогсоох тухай болон эхний шатанд Израиль, Хамас хоёрын хэлэлцээр хийх шаардлагатай нөхцлүүдийг энэхүү мэдэгдлээрээ үгүйсгэжээ. Байдены мэдэгдсэнээр, гурван үе шаттай санал нь барьцаалагдсан хүмүүсийг суллахын хажуугаар Газын зурваст бүрэн гал зогсооно. Гэвч Нетаньяхугийн хэвлэлийн төлөөлөгч “Байден Израилийн Хамаст тавьсан саналыг бүрэн тайлбарлаагүй. Зөвхөн жижиг хэсгийг нь дурдсан” гэжээ. Мөн “Барьцаалагдсан хүмүүсийг буцааж өгөх зорилгоор дайныг түр зогсооно. Дараа нь бид цаашдын яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ. АНУ-ын ерөнхийлөгчийн олон нийтэд танилцуулаагүй өөр нарийн ширийн зүйлс бий” гэсэн байна.

Түүнчлэн барьцаалагдсан хүмүүсийг бүгдийг суллах хүртэл, Газын зурвас Израильд “аюул заналхийлэхээ” болих хүртэл, Газа дахь Хамас бүлэглэлийн “засаглал болон цэргийн чадавхыг” устгах хүртэл Израиль гал зогсоохоос татгалзаж байгааг хэвлэлийн төлөөлөгч дахин мэдэгдэв. “Эдгээр нөхцөл биелэгдэхээс өмнө Израиль байнгын гал зогсоохыг зөвшөөрнө гэх ойлголт нь эхлэл биш юм. Энэ бол сонголт биш” гэж хэвлэлийн төлөөлөгч онцолжээ.

Баруун жигүүр

Итамар Бен Гвир
Гал зогсоох хэлэлцээр болон засгийн газрын оршин тогтнох гэх сонголт хийхээс зайлсхийхийн тулд хэт барууны үзэлтэй сайд нарыг итгүүлэх гэсэн Нетаньяхугийн хүчин чармайлт өнөөг хүртэл бүтэлгүйтсэн. Бен Гвирын хувьд Нетаньяхугийн ажлын алба түүнд хэлэлцээрийн төлөвлөгөөг үзүүлэхээс татгалзаж байгаа ба ерөнхий сайдад нуух зүйл байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрэв Бен Гвир болон Сангийн сайд Безалел Смотрич засгийн газраас гарна гэж сүрдүүлсэн хэвээр байвал Нетаньяху нүднийх нь өмнө биеллээ олж эхэлж буй хоёр сонголтын аль нэгийг нь хүчээр сонгох шаардлагатай.

Сөрөг хүчний удирдагч Яир Лапид гал зогсоох тохиролцоонд хүрч, засгийн газрыг эрх мэдэлд байлгах “аюулгүйн сүлжээ”-г Нетаньяхуд санал болгосон. Гэхдээ энэхүү “аюулгүй сүлжээ” нь гал зогсоох хэлэлцээр хэрэгжсэний дараа эрт сонгууль явуулах түлхүүрийг Лапидэд өгөх болно. Тиймээс сүүлийн найман сарын турш үргэлжилсэн шиг Нетаньяху улс төрийн оршин тогтнолоо хадгалахын тулд дайныг үргэлжлүүлснээр бүх зүйл төгсөж магадгүй.

Нетаньяху энэ жил улс төрийн гол өрсөлдөгч Бенни Ганцыг анх удаа 36-30 харьцаатайгаар илүүрхсэн. Түүний хувьд улс төрийн замнал нь сайжирсан ч засгийн газар нь оршин тогтнох уу, эс оршин тогтнох уу гэсэн сонголттой тулсан. Нетаньяхугийн улс төрийн байр суурь сайжирсан нь дотооддоо Израилийн хамгаалагч гэж хэлэгдсэнтэй холбоотой. Гэхдээ олон улсын хувьд тэрбээр дайны гэмт хэрэгтэн. Үүний зэрэгцээ, Нетаньяху Газын зурваст урт хугацааны стратеги төлөвлөөгүйгээс болж Ганц дайны танхимаас гарна гэж сүрдүүлсэн нь баруун жигүүрийн ерөнхий сайдыг гэх дэмжлэг буурсантай холбоотой.

Израилийн 11-р суваг телевизээс явуулсан санал асуулгаар Израилийн олон нийт гал зогсоох хэлэлцээрийг 40 хувь дэмжиж байгаа бол 27 хувь нь эсэргүүцэж, 33 хувь нь мэдэхгүй байна.

Бенни Ганц
Хэрэв Нетаньяху дайныг үргэлжлүүлэх нь илүү давуу талтай гэж бодож байгаа бол Байдены өнгөрсөн долоо хоногт хэлсэн үг нь Нетаньяхуг энэ сонголтыг хийхэд хүргээгүй. Тэрбээр засгийн газрын баруун жигүүрээс ирэх дарамтыг арилгахын тулд дайныг үргэлжлүүлнэ. Байдены хувьд өнгөрсөн долоо хоногт “Израильд дайныг хязгааргүй үргэлжлүүлэхийг уриалсан хүмүүс байгааг би мэднэ. Зарим нь засгийн газрын эвсэлд багтдаг. Гэхдээ би Израилийн удирдлагад ямар ч дарамт шахалт ирсэн хэлэлцээрийн ард гарахыг уриалсан” гэж хэлжээ.

Нетаньяху дайныг зогсоох нөхцөл “өөрчлөгдөөгүй” гэж удаа дараа мэдэгдсэн. Харин АНУ-ын Төрийн департамент “Израиль Байдены дэвшүүлсэн саналыг дагаж мөрдөнө гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэв. Мэттью Миллер хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр гал зогсооход саад болж байгаа цорын ганц зүйл бол Хамас” гэжээ.

Гэхдээ нэг гол асуулт нь Хамас Нетаньяхуг одоо тулгараад байгаа сонголтоо хийхийг албадах уу? Эсвэл Газа дахь Хамас бүлэглэлийн удирдагч Яхья Синвар Нетаньяхуд өөрийн гараар зугтах гарц санал болгох болов уу?

Хамасын хувьд Байдены хэлсэн гал зогсоох Израилийн саналыг нааштай хүлээж авсан ч албан ёсны мэдэгдэл хийгээгүй. Сүүлчийн санал нь байнгын гал зогсоох тодорхой замыг санал болгож байгаа ч Хамасын бүх шаардлагыг хангах боломжгүй хэвээр. Хамас энэ тал дээр буулт хийхээс татгалзаж, гэрээнд гарын үсэг зурахаас татгалзах бол Нетаньяхуг дэгээнээс нь салгаж, Газад дайн үргэлжлэх болно.

Эх сурвалж: CNN, BBC

access_time 2024-06-06 08:27

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt