“Хуулийг 7 хоногт баталж, яаралтай шийдвэр гаргах нь макро эдийн засагт халтай”

Сонгуулийн дараа биднийг ямар эдийн засаг хүлээж байна вэ?

-Засгийн газраас УИХ-д ирэх гурван жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн бариад одоо үндсэндээ хэлэлцэн баталж байна. Өргөн барьсан төсвийн төсөөллөөс харахад нэлээд өөдрөг байгаа. Энэ онд зургаа, ирэх онд мөн 6-8 хувь хүртэл өсөх. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын түүхий эдийн экспорт маш амжилттай өсч, нэмэгдсэн. Ялангуяа 2023 онд Монголын нийт экспорт 15,2 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар 32 сая тонн нүүрс экспортод гаргасан урьдчилсан мэдээ байна. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдал нь өөрөө өөдрөг төсөөлөл хийх үндэс болж байна л даа.

Гэхдээ болгоомжлох зүйл их бий. Яагаад гэвэл Монгол Улсын эдийн засаг түүхий эд дээр хэтэрхий их тулгуурласан бүтэцтэй. Гадаад худалдааны 56 хувь нь зөвхөн нүүрс. Гурван төрлийн л экспорт Монголын экспортын 80 гаруй хувийг эзэлж байгаа.

Уул уурхайн салбар төсвийн орлогын 35-36 орчим хувийг бүрдүүлдэг боллоо. Өнгөрсөн 2009 оны байдлаар хөдөө аж ахуйн салбар, уул уурхайн олборлох салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь ижил шахуу буюу 20 орчим хувь байсан. Харин өнөөдөр хөдөө аж ахуйн салбар шахагдаад 10 орчим хувь болж буурсан. Уул уурхайн салбар 25-26 орчим хувь болж өссөн байна. Тэгэхээр бидний зориод байгаа эдийн засгийг төрөлжүүлэх гэдэг зорилт маань хангагдахгүй. Эдийн засаг маань улам явцуу цөөн нэр төрлийн экспорт руу шилжиж байна гэсэн үг. Энэ цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүн олборлож байгаа компани, Монгол Улсаас зөвхөн хамаарахгүй. Хэдийгээр бид ирэх онд нүүрсний экспортыг 80 сая тоннд хүргэх зорилт тавьж байгаа. Олборлочихлоо гэж бодъё. Гэтэл тэрийг тээвэрлэх хүчин чадал, хоёрдугаарт, худалдан авч байгаа Хятад улсын зах зээлийн коксжих нүүрсний эрэлт энэ хэмжээндээ байх уу гэдэг том асуудал. Яагаад гэхээр үүнд ирэх онд ямар өөрчлөлт орж байна гэхээр нэгдүгээрт, 2024 онд бид коксжих нүүрсэнд гурван хувийн татвараа төлдөг болж эхэллээ. Хоёр жил өнжөөд орос, монгол татвараа төлж эхэлж байна. Дээр нь энэ онд Австралийн нүүрсний экспорт ихээхэн нэмэгдэж байна.

Дараагийн асуудал бол Орос улс шинээр эльгинский нүүрсний уурхай дээр маш том дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийгээд ирэх 2025 онд ашиглалтад өгөх гэж байна.

Энэ эльгинский нүүрсний уурхайн төмөр зам, далайн боомтыг ашиглалтад оруулсны дараа Оросын нүүрсний экспорт 20 гаруй сая тонноор нэмэгдэх бололцоотой. Энэ бүх нөхцөл байдал нь эсрэгээрээ бидний өөдрөг төсөөллийг болгоомжлох байдалд хүргэх магадлалтай.

-УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө их хэмжээний мөнгөтэй холбоотой шийдвэрүүд олноор гарлаа. Тухайлбал, цалин нэмэх, бодлогын хүүг бууруулах, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэх, шинэ хоршоо хөдөлгөөнөөр дамжуулж малчдад зээл олгох гэх мэт. Эдгээр шийдвэрүүд эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-Уг нь бид аливаа бодлогыг тогтвортой байлгахыг хичээж байгаа. Үндсэн хуульдаа хүртэл Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэж заалт оруулсан. 2010 оноос хойш Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хүртэл гарч, мөрдөгдөж байна. Энэ хуулийн гол зорилго бол төсвийг хэт савлагаатай байлгахгүйн тулд төсвийн дүрэм гэдэг гурван хязгаарыг тогтоож өгсөн. Төсвийн зарлага, өрийн хязгаар, төсвийн алдагдал гэсэн үзүүлэлтээр хэт давахгүй байх. Харамсалтай нь бид өнгөрсөн жилүүдэд үүнийг төдийлөн мөрдөж чадахгүй дахин дахин өөрчилж байна.

Тэгэхээр богино хугацааны шийдвэрүүд эдийн засагт маш халгаатай. Ялангуяа УИХ-д өргөн барьж мэдүүлж байгаа яаралтай горимоор хэлэлцэн баталдаг асуудал бол суурь харилцаагаа маш их эвдэж байгаа.

Тиймээс УИХ-ын аливаа бодлого хэлэлцдэг дэгээ яг чуулганы хууль хууль тогтоомжийн тухай хуульд заасан захирамжаа мөрдөхгүй болохоор үндсэн тавьсан зорилтоосоо хазайсан шийдвэрүүд гараад байгаа.

ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ ОНЫ ЭЦЭСТ БУУРАХ БОЛГООМЖЛОЛТОЙ БАЙНА

-Ам.долларын ханш буурсан түр зуурын үзэгдэл валютын нөөц нэмэгдсэнтэй холбоотой юу, эсвэл?

-Өнгөрсөн онд экспорт маань жилдээ бараг 30 гаруй хувиар өслөө. Энэ бүх байдал гадаад худалдааны тэнцэл дээр тав орчим тэрбум ам.доллар буюу урсгал тэнцэл ашигтай гараад энэ нь валютын нөөцөд тааламжтай нөлөө үзүүллээ. Гэхдээ нэг болгоомжлох зүйл нь оны эхний дөрвөн сарын байдлаар хэдийгээр Монгол Улсын экспортод гаргаж байгаа нүүрсний хэмжээ 6-7 саяар биет хэмжээгээр өссөн ч орлого нь буурсан.

Үнийн түвшнөөс хамаараад эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний экспортын орлого 30 сая ам.доллараар буурсан. Он дуустал энэ хандлага хэвээрээ үргэлжилбэл биет хэмжээний зорилго биелсэн ч олсон орлого өнгөрсөн жилийнхээс буурах эрсдэлтэй.

Тэгэхээр төлбөрийн тэнцэл дээр орж ирж байсан өнгөрсөн оны таван тэрбум ам.долларын ашиг буурах хандлагатай болж байна. Яагаад гэхээр нөгөө талд импорт маань маш хурдтай өсч байгаа. Тэгэхээр магадгүй энэ оны эцэст гадаад худалдааны тэнцэл гурав орчим тэрбум ам.долларын ашигтай байж магадгүй. Ингэснээр гадаад валютын нөөц арвижих биш одоогийн түвшинд хэвээрээ хадгалагдана гэсэн үг. Магадгүй гадаад төлбөр тооцооноос хамаараад өшөө ч бууж магадгүй. Тэгэхээр энэ маань ханшид нөлөөлөх сөрөг болгоомжлол үүсгэж байна.

-Энэ оны төсвийг өндөр төсөөлсөн. Сонгуулийн дараа төсөвт тодотгол хийх эрсдэл үүсэх үү?

-Одоогоор баталсан төсөв бол маш өндөр. 27 их наяд төгрөгийн зарлага гаргахаар батлаад явж байгаа. Дээр нь энэ төсвийг баталснаас хойш оны эхнээс шинээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ их байна. Малчдын талаар хэрэгжүүлэх арга хэмжээ гэх мэт. Энэ бүхэнд төсөвт төлөвлөгдөөгүй зардал гараад байвал магалгүй нөгөө талдаа орлогын хувьд болгоомжлох зүйл байна.

Тэгэхээр Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө баталсны дараагаар төсвийн тодотгол хийх шаардлага үүсч болзошгүй.

-Та түрүүн хэлсэн. Нүүрсний биет хэмжээ нэмэгдсэн ч үнэ нь бага зэрэг буурч байна. Энэ нь макро эдийн засагт нөлөөтэй юу?

-Гарцаа байхгүй нөлөөтэй. Төсвийн орлогын 35 хувь нь буюу гурван төгрөг тутмын нэг нь зөвхөн уул уурхайн салбараас орж байна. Яг өсөөд байгаа гол зүйл маань зэс, нүүрс. Бусад төрлийн түүхий эд хэдийгээр гарч байгаа ч гэсэн олборлох хэмжээ нь хязгаарлагдмал. Орлого маань буурахаар үүнийг нөхөх зүйл байхгүй.

Ойрын жилүүдэд эекспортод жаахан манивер хийж болох зүйл нь нүүрс, алт хоёр л байна. Зэсийн баяжмал бол хэмжээ нь тогтвортой хоёр үйлдвэр байгаа учир.

Энэ хоёрынхоо хэмжээ биш орлого дээр анхаарахгүй бол гадаад худалдааны тэнцэл оны эцэст бидний төсөөллөөс өөрөөр гарах эрсдэлтэй.

-Сонгуультай холбоотойгоор инфляцийг хүчээр барьж байна гэх хардлага бий. Сонгуулийн дараа инфляци яах вэ?

-10 гаруй хоногийн дараа Үндэсний статистикийн хорооноос мэдээгээ гаргана. Үүн дээр инфляцийн тоон мэдээ ямар гарах вэ гэдэг тодорхой харагдана. Ер нь оны эхэнд гаргасан шийдвэрүүдээс хамаараад төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмсэн.

Томоохон төрийн өмчит компаниудын буюу Эрдэнэс тавантолгой ХК-ийн ногдол ашгийг тараасан гэх мэт шийдвэрүүдтэй хамааралтайгаар хэрэглэгчдийн гар дээр хоёр их наяд гаруй төгрөг очсон.

Энэ нь эргээд худалдан авалтад нөлөөлдөг. Инфляцийн энэ хандлага цаашид үргэлжлээд байвалд намар гэхэд илүү хурдацтай өсөх болов уу гэсэн болгоомлжол байгаа. Хоёрдугаарт, хэрэглээний барааны үнийн индекст ордоггүй бөөний барааны үнүүд байна шүү дээ. Барилгын материалын үнэ зэрэг нэлээдгүй өндөр өсөлттэй явж байна. Эдгээр нь дам нөлөөлөөд эцсийн бүтээгдэхүүнээр дамжаад хэрэглээний үнэд нөлөөлдөг. Энэ хоёр сувгаар нөлөөлж оны эцэст бидний төсөөлж байгаа нам инфляци биш 8-9 хувь гэсэн инфляци руу ойртож магадгүй.

-Хуулийг яаралтай горимоор өргөн барьдаг, богино хугацаанд хууль баталдаг зэрэг жишиг сонгуулийн дараа үргэлжилбэл сөрөг нөлөө гарах уу?

-Хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барина гэдэгт хуудийн зохицуулалт байхгүй. Хууль тогтоомжийн тухай хуульд хуулийг ямар аргачлал, үе шаттайгаар боловсруулж өргөн барих вэ гэдгийг тодорхой заасан. Гэтэл энэ горимоос өөрөөр, лифтээр гэдэг шиг тусгай горим гаргаад 7-14 хоногт хууль батлаад байна гэдэг эрсдэлтэй. Гамшиг л болоогүй бол ийм байдлаар бид хууль баталж болохгүй. Тэгэхээр Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуультогтоомж хамаарахгүй гэсэн жагсаалтыг нэмэх биш хасах шаардлагатай.

Зөвхөн улс орны аюулгүй байдал, онцгой байдалтай хамааралтай хуулиудыг хэлэлцэхээс биш хаа хамаагүй байгалийн үзэгдэл, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал энэ хуулиар зохицуулагдахгүй.

Ийм байдлаар 10-20 жилийн хугацаанд тогтвортой мөрлөх гээл байгаа харилцаагаа эвдэлж болохгүй. Аль болох л Хууль тогтоомжийн тухай хууль УИХ-ын дэгийн тухай хууль суурь асуудал юм шүү гэдгийг ойлгож, шинээр сонгогдох парламентын гишүүд маш анхааралтай хандах ёстой гэж бодож байна.

-Макро эдийн засагт яаралтай шийдвэр гаргах нь эрсдэлтэй юу?

-Мэдээж оруулж байгаа асуудлаас хамаарна. Төсвийн асуудал уу, мөнгөний бодлоготой холбоотой асуудал уу. Хоёрдугаарт, төсвөөс хамааралтай төрийн өмчийн оролцоотой компаниар ламжуулж байгаа хөрөнгө их бий. Үүний аль хүрээг хамарч байгаагаас их хамаарна. Хэрэв буруу шийдвэр гараад байвал бидний зорьж баталж байгаа төсөв мөнгөний бодлого, инфляциа нам дор түвшинд байлгах, гадаад өрөө бууруулах зэрэг үндсэн зорилтуудаа алдаж байна гэсэн үг.

Ионгол улсын эдийн засаг тогтвортой биш учир ийм нөхцөлд эрсдэлтэй шийдвэрүүд дараагийн хямрал руу түлхэх магадлал маш өндөр.

access_time 2024-06-05 08:43

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt