Гелэн будгаар хумсаа будах нь хавдар үүсгэх эрсдэлтэй!

Орчин үед хумсаа гоёж гангалдаггүй эмэгтэй ховор болсон. Тиймдээ ч гэрээс гараад тав алхахад “маникюр” гэсэн хаяг бүхий газрууд булан тохойд битүү. Аливаа зүйлийн тун нь хэтрэхээр хор болдог жамтай. Бидний хумсаа будуулдаг гелэн лак нь олон төрлийн химийн бодисыг агуулдаг учир хумсаа тогтмол будуулах нь сөрөг үр дагавартай байдаг байх нь. Түүнээс гадна гелэн лакийг хатаах зориулалт бүхий лед гэрэл нь хортой туяа ялгаруулдаг байна. Энэ нь арьс болон хумсыг гэмтээдэг цаашлаад хумсны хавдар ч үүсгэх эрсдэлтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд сануулж байгаа юм.

Гар сарвууны их эмч О.Очирпүрэвээс хумс яагаад гэмтдэг, гелэн будгаар байнга будах нь ямар үр дагавартай талаар тодрууллаа.

Орчин үед эмэгтэйчүүдийн дийлэнх нь хумсаа тогтмол будуулдаг болсон. Үүнээс болж хумсны хавдартай болох уу?

-Чанаргүй будаг болон гелэн лакийг хатаадаг гэрлээс болж хумсны хавдар үүсч байна гэсэн судалгаа байдаг. Ингэж байнга будуулснаар урт хугацаандаа хумс гэмтэх шалтгаан болдог. Өмнө нь хүмүүс хумс гэмтэх, зовиурлахад төдийлөн санаа зовдоггүй байсан. Мөн хүмүүс хаана хандахаа сайн мэддэггүй байлаа. Одоо бол техник технологи хөгжсөн энэ үед хүмүүс түргэн оношлуулдаг болоод байна.

Хумсны хавдрын тохиолдол нэмэгдэж байна гэсэн. Ямар зовуурь илэрдэг вэ?

-Хумсны ар тал болон хурууны өндөгний хэсэгт хүрэхэд маш хүчтэй өвдөнө. Зарим тохиолдол хумсан дээр хөх туяатай толбо болон бор зураас гарч ирсэн байдаг. Тухайн үедээ хэсэг хүчтэй өвдөөд түүнийгээ төдийлөн тоохгүй яваад байдаг. Үзүүлэхээр тодорхой онош хэлдэггүй учраас хүмүүс нээх анзаардаггүй байх.

Өдөрт дээрх тохиолдлоор хэчнээн хүн танай эмнэлэгт ханддаг вэ. Хэрвээ хумсны хавдартай болсон тохиолдолд эмчлэгдэх боломжтой юу?

– Долоо хоногт хоёроос гурван хумсны асуудалтай хүмүүс ханддаг. Хүмүүс хавдар гэхээр их хүндээр хүлээж авдаг. Энэ нь өөр эрхтэнд үсэрхийлэхгүй. Хагалгаанд орсноор бүрэн эдгэрэх боломжтой. Дараа нь хумсаа зөв арчилснаар хумс эргээд хэвийн ургана. Дээр хэлсэнчлэн аливаа зүйлийн хэм хэмжээ тунг тааруулах нь чухал.

Хумсаа огт битгий будуул гэж байгаа юм биш. Хүний хумс гурваас дөрвөн сарын дотор бүрэн шинэчлэгддэг байна. Хүмүүс гелэн лакийг удаан тогтох тусмаа сайн гэж ойлгодог. Угтаа бол гелэн будгийг 28 хүртэлх хоног байлгах нь зохистой. Мөн эсрэгээрээ ойр ойрхон арилгаж будах нь бас хумс гэмтэх шалтгаан болдог байна.

Тиймээс хумсаа будуулахдаа эрүүл ахуйн шаардлага хангасан, ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийдэг, мөн химийн орц найрлага багатай чанартай будагтай үйлчилгээний газрыг сонгож үйлчлүүлэхийг зөвлөж байна.

access_time 2024-05-30 09:58

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt