3х3: Олимпод хүрэх аяллаа итгэл төгс, хожигдолгүй эхлүүлэв

Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох сүүлийн тэмцээн Унгарын Дебрецен хотод эхэлсэн. Тус тэмцээнд 16 улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өрсөлдөж байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван баг нийт зургаан улс эрхээ авах учиртай. Монголын эрэгтэй, эмэгтэй багууд тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр/2024.05.17/ эхний тоглолтуудаа хийлээ.

Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг D хэсэгт Бельги, Япон, Польштой орсон. Эхний тоглолтоо Польшийн эсрэг хийж, 21-14 гэсэн харьцаатай ялав. Тус тоглолтод Д.Дэлгэрням будагтай талбайд дийлдсэнгүй. Тэрбээр нийт арван оноо авсан бол А.Ананд долоо оноо нэмэрлэжээ.

Харин дараагийн тоглолтоо хүчирхэг Бельгийн эсрэг хийсэн. Тус тоглолтод Д.Дэлгэрням долоон оноо авсан бол шийдвэрлэх мөчид А.Ананд онцгойрч, найман оноо авсан нь хожил байгуулах гол шалтгаан байлаа.

Ийнхүү тэмцээний хоёр дахь өдөр Монголын эрэгтэй баг 2-0 гэсэн амжилтыг үзүүлж, хэсгээ тэргүүлж байна. Өнөөдөр тэд 19:45 цагаас Японы эсрэг хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Хожвол итгэл төгс хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд шалгарна.

А.Ананд тэмцээний хоёр дахь өдрийн онцлох тоглогчоор тодорчээ.

access_time 2024-05-18 10:40

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt