Шинэ мэдээлэл

Тансаг зэрэглэлийн брэндүүдийн хувцас, гутлын үнэ өссөөр байна гэж ярьдаг ч дуудлага худалдааны үнийн талаар хэн ч ам нээдэггүй. Дуудлагаар худалдаж буй загварууд хамгийн өндөр үнээр зарагдаж байна. Сүүлийн үеийн хэдэн жишээ дурдвал, 2022 онд Жоан Дидионы эзэмшдэг “Celine” брэндийн нарны шил 27 мянган ам.доллараар, 2023 онд “Nirvana” хамтлагийн гоцлол дуучин Курт Кобейны ердөө нэг удаа өмссөн “Levi’s” жинсэн өмд 412,750 ам.доллараар, өнгөрсөн сард Элтон Жоны алмаазан шигтгээтэй, ирвэсийн хээтэй “Rolex” цаг 176,400 ам.доллараар тус тус зарагдсан.

Гэхдээ өнгөрсөн жил 1.14 сая ам.доллараар зарагдсан Диана гүнжийн ноосон цамцтай эдгээрийг харьцуулалтгүй юм.

Алдартнуудын өмсөж, зүүж байсан хувцас сэлтээс гадна зурагтын цуврал, кино, зар сурталчилгаа зэрэгт хэрэглэсэн загварлаг зүйлсийг ч өндөр үнээр худалддаг. Тухайлбал, энэ онд “Succession” цувралд хэрэглэсэн “Burberry” цүнх 18,750 ам.доллараар, Николь Кидманы “AMC” театрын сурталчилгаанд өмссөн костюм 9525 ам.доллар хүрчээ. Мөн “The Crown” киноны хувцас, эд хэрэглэлийн дуудлага худалдаагаар 2.1 сая ам.долларын орлого олсон байна.

“Sotheby’s”, “Bonhams”, “Christie’s” зэрэг дуудлага худалдааны томоохон төлөөлөгчийн тэргүүлэх чиглэл нь сүүлийн 10 жилийн хугацаанд хувцас загвар болжээ. Тус компаниуд шинэ үеийн үйлчлүүлэгчдийг татах гол стратеги болгож хувцас загвараа цахим орчинд байршуулах болсон.

Дуудлага худалдаанд оролцогчдын төрлийг ерөнхийд нь ангилбал, музей, байгууллагууд, хувийн цуглуулагчид, хувцасны чимэг сэлт борлуулагчид, супер шүтэн бишрэгчид гэсэн ангилал гарч ирнэ. Тэдний ихэнх нь тухайн эд зүйлийг эзэмшиж буй шалтгаанаа удаан хугацааны хүсэл тэмүүлэлтэйгээ холбож тайлбарладаг. Зарим нь тухайн зүйлд оруулсан хөрөнгө оруулалтаасаа хожим нь их хэмжээний үр өгөөж хүртэнэ гэж найдаж наймаа хийдэг.

Гэхдээ эцсийн дүндээ танд мөнгө байгаа л бол, та хэн байхаас үл хамааран дуудлага худалдаанд оролцох боломжтой.

Хэн нэг загвар зохион бүтээгч, загварын түүхэн дэх эрин үетэй холбоотой, эсвэл Одри Хепберн, Диана гүнж зэрэг хүмүүсийн өмсөж байсан түүхэн чухал эд хэрэгслүүдийг Лондонгийн “Виктория ба Альберт музей”, “Нью-Йоркийн Метрополитан урлагийн музей” зэрэг байгууллага ихэвчлэн цуглуулдаг. Ийм бүтээлүүдийг хувийн цуглуулагчид худалдаж авсан ч музейн үзмэрт зориулан зээлдүүлэх нь бий.

Мөн алдартнууд өөрсдөө ихэвчлэн худалдан авалт хийдэг. Жишээлбэл, Леди Гага, Ким Кардашиан нар Майкл Жексоны хувцасыг худалдаж авч байв. Алдартнууд худалдаж авсан хувцасаа улаан хивсний ёслол зэрэгт өмсөж, олон нийтэд сурталчлах нь ч бий. Үнэн хэрэгтээ өнөө цагийн алдартнуудын өмсөж буй хуучны загваруудын ихэнх нь дуудлага худалдаагаар дамжсан зүйлс байдаг.

Загварын дуудлага худалдаа нь хэдэн арван жилийн турш Холливудын стилистүүдийн хамгийн том нууц байжээ. Гэвч одоо энэ нууц нэгэнт ил болжээ.

Хөрөнгө оруулалт хэлбэрээр дуудлага худалдааг сонирхогчид бий. Энэ нь тухайн худалдаж авсан эд зүйлээ хит кинонд байрлуулсныхаа дараа дахин дуудлагаар өндөр үнэ хүргэх аргыг хэлнэ.

Нэр хүндтэй нийгмийн зүтгэлтэн, соёлын үнэт зүйлстэй холбоотой эд зүйлсийг асар өндөр үнээр худалдаж авдаг хүмүүс байдаг. “The Crown” киноны Диана гүнжийн дүрд Элизабет Дебицки тоглохдоо 2019 оны “Lady Dior” гар цүнх барьсан байдаг. Тус цүнхний ердийн үнэ 4000 ам.доллар, бодитоор Диана гүнжийн цүнх биш боловч гурав дахин нугарсан үнээр зарагджээ. Ийм худалдан авалтын цаана энгийн нэг хувцас загвар сонирхогч биш гүн шүтэн бишрэгч байдаг аж.

Калифорнид амьдардаг багш Ренае Плант он удаан жил Диана гүнжийг шүтэн биширсэн нэгэн. Диана гүнж 1983 онд Австралид айлчлах үед Ренае Плант түүнтэй гар барьснаар энэ бүхэн эхэлжээ. Тэрбээр Диана гүнжийн “Harper’s Bazaar” сэтгүүлийн нүүрэнд гарахдаа өмссөн “Versace” даашинз зэрэг гүнжтэй холбоотой 89 эд зүйлийг 2015 онд 200 мянган ам.доллараар худалдаж авчээ. Өдгөө Ренае Плант цуглуулгаа танилцуулдаг цахим хуудас ажиллуулж байгаа бөгөөд ирээдүйд томоохон үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.

“Түүний амьдрал үнэхээр утга учиртай. Тиймээс би түүний түүхийг ярихыг хүссэн. Та зүгээр л түүний гарт хүрээд өнгөрсөн байсан ч олон жилийн өмнөөс танил мэт мэдрэмж төрүүлэх тийм чадвартай хүн” гэж тэрбээр Диана гүнжийн талаар өгүүлжээ.

Эх сурвалж: CNN

access_time 2024-05-15 09:00

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt