“Замын-Үүд дэх Гаалийн лабораторид импортын эмийн бүтээгдэхүүнийг шинжлэх боломжгүй”


Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооныхон энэ сарын 5-7-ны өдрүүдэд Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллажээ.

Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 5-ны тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын алба 99 орон тоотойгоор Замын-Үүд дэх Гаалийн газарт шилжжээ.

Эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагчийн хоёр орон тоотойгоор үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сараас эхлэн эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагч хоёроор нэмэгдэж, одоогоор нийт дөрвөн гаалийн улсын байцаагч ажиллаж байгаа юм байна.

Эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагч нь улсын хилээр нэвтрэх эм, эмнэлгийн хэрэгсэлд холбогдох хяналт шалгалтыг хийж, ажилладаг.

Замын-Үүд боомтоор 2017-2022 онд импортолсон эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчлийн судалгаагаар 2017 онд 1, 2018 онд 3, 2019 онд 3, 2020 онд 1, 2021 онд 8, 2022 онд 4 зөрчил илэрчээ.

Цаашид эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагчийг чадавхжуулахад анхаарч мэргэшүүлэх сургалт болон мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаанд хамруулах шаардлагатай бөгөөд хилийн боомтод ажиллах албан тушаалын тодорхойлолтод мэргэжлийн индекс таарч байгаа мэргэжилтнүүдээр хангах асуудалд анхаарч ажиллах нэн тэргүүнд шаардлагатай байгааг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн танилцуулсан байна. Замын-Үүд дэх Гаалийн газарт 60 гаруй байцаагч дутагдалтай байгаа аж.

Эрүүл мэндийн сайдын А215 тоот тушаалаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.5 буюу “Гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм болон яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зайлшгүй шаардлагаар гадаадаас авах тохиолдолд энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан эмийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр импортын бүртгэл олгоно” гэсэн заалтыг үндэслэн зарим ААН холбогдох эмийн бодис тухайлбал натри хлорид буюу дуслын шингэн импортолж байгаа дүр зураг харагдаж байв.

Түүнчлэн Замын-Үүдэд эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой эцсийн бүрдүүлэлт хийж буй долоон аж ахуйн нэгж байгаа бөгөөд ихэвчлэн эмнэлгийн хэрэглэгдэхүүн импортоор оруулж ирдэг байна. Мөн зорчигчийн хувийн хэрэглээний эмийг Гаалийн тухай хуулийг үндэслэн зохих эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн хилээр нэвтрүүлдэг аж.

Харин Замын-Үүд дэх Гаалийн газрын салбар лабораторийн тухайд хүнс болон химийн бодисоор итгэмжлэгдсэн, импортолж буй эм эмнэлгийн хэрэгсэл, эмийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийх боломжгүй байна.

Эмийн бүтээгдэхүүн болон эмийн түүхэд лабораторийн шинжилгээ хийх, итгэмжлэл аваагүй гэж тайлбарлаж байв. Цаашид импортын эм, эмийн бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийх тоног төхөөрөмж боловсон хүчин бэлтгэх шаардлага гарчээ.

Ташрамд дурдахад Улсын Их Хурлын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороо 2024 оны гуравдугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс эмийн үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээллийг [email protected] цахим шуудан, D.Parliament.mn emiinsonsgol.mn цахим хуудас болон 51-261440 дугаарын утсаар хүлээн авч байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

access_time 2024-03-12 09:26

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt